PC тоглоомчноос цээж бодолтын дэлхийн аварга болсон түүх

2012-12-17 19:04

 

 

PC тоглогчдын арми хүрээгээ тэлж, олон асуудал дагуулж байна. Эхэндээ тэдний нэг байсан ч Т.Мягмарсүрэн гэгч энэ залуу зөв замыг сонгож, авьяасаа хөгжүүлснээр өнөөдөр цээж бодолтын дэлхийн аварга болсон юм тэрээр эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж эцэг эх, багш, найз нохөд, хамт олныхоо бахархш, хүндэтгэлийг хулээгээд байгаа. Төөрүүлийн Мягмарсүрэнтэй ярилцсанаа хүргэе. Муу сурлагатай PC тоглоомчноос дэлхийн аварга болсон түүнийг “Энэ цагийн эгэл баатар”-т нэр дэвшүүллээ.



Цээж бодолтын дэлхийн аварга маань яаж яваад оюун ухааны спортод дурлачихваа?

-Би ШУТИС-ийн Холбоо , мэдээлэл , технологийн сургуульд сурдаг. Өмнө нь хичээлээсээ нэлээд хөндийрч, завсардан жил шахам PC тоглосон юм. Тэр үед ээж , эгч хоёр намайг ямар нэг сургалтад суулгахаар нэлээн явж судалсан байсан. Би тэр үед “Витафит” компанид ундааны ачигчаар ажилладаг байлаа. “Нэг өдөр өнөө хоёр маань надад Монголын оюун ухааны академийн Ой тогтоолтын нэг сарын цогц сургалтад суулгахаар бүрттүүлж төлбөрийг чинь төлчихлөө. Заавал суугаарай гэсэн.



-Тэгэхээр оюун ухааны спорттой холбогдох эх суурийг ээж, эгч хоёр чинь тавьжээ. Чи сургалтад яаж тогтож суув?

-Мөнгийг нь төлчихсөн юм чинь суухаас өөр арга байгаагүй. Гэсэн ч сургалтад суусан анхны өдрөөс л надад таалагдсан. Юмыг хэрхэн системтэйгээр, хялбар цээжилж болох аргыг энгийн, хошин байдлаар тайлбарлаж өгдөг юм билээ. Төгсөхөөс өмнө багш бидэнд “Шалгалт авч гурван байр эзлүүлнэ. Шагналтай шүү гэж” хэлсэн. Би яагаад ч юм бэ тэр шагналыг авмаар санагдаад, улам мэрийх болсон доо.



-Ямар шагнал байсан болоод чиний сонирхлыг татав?

-Тухайн үедээ ямар шагнал өгөхийг нь мэдээгүй. Нэгдүгээр байрт шалгарч дараагийн шатны сургалтад хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг өгсөн. Хурдан уншлага гэх мэтээр өөр төрлийн сургалтад би үргэлжүүлэн суусан. Манай эгч энэ сургалтад сууж байсан болохоор “Сонирхолтой юм билээ. Заавал яваарай” гэж хэлж байсан юм. Гэтэл намар нь хичээл эхэлж ангийнхантайгаа уулзаад эхэлсэн чинь өнөөх РС-ндээ эргээд л орсон.

 


“Сурсан зүйлээ хичээлдээ хэрэглэе” гэж нэг өдөр бодлоо. Гэтэл дэвтрээ академи дээр орхичиж. Тэндээс дэвтрээ олдоггүй, олон удаа нааш, цааш явсан. Тэр үед Хатанаа багштай таарч дэлхийн аваргын тэмцээнд оролцох хүмүүсийг шалгаруулаад, бэлтгэл нь эхэлчихсэн гэж дуулаад очиж үзлээ. Хоёр жил хичээллэчихсэн, өнгөрсөн жилийн улсын аварга болсон гээд сүрхий залуус тэнд байсан.

 

Хамт бэлтгэл хийхэд тэд надаас хамаагүй илүү нь харагдсан. Нэг сар би хичээл хийгээгүй сул явсан хүн шүү дээ. Өөрийгөө голох нь аргагүй.



-Оюун ухааныг хөгжүүлдэг энэ спортод толгой сайтай хүүхдүүд ордог уу?

-Тэр ерөөсөө хамаагүй. Аргачлалаа заавал математик сайн эзэмшиж, төсөөллөө сайн хөгжүүлж чадаж байгаа нь урагшилдаг. Тэнд очоод дэлхийн аваргын тэмцээнд орно гэж шийдээд л би бэлтгэлдээ орсон. Их инээдтэй. Тааралдсан хүн бүртээ би дэлхийн аваргын тэмцээнд явна гэж онгироод л явсан. Гэвч яг хэнийг явуулах нь тодорхой болоогүй байсан л даа.

 

20 гаруй хүүхэд бэлтгэл хийж байгаад хасагдсаар таван хүн үлдсэн юм. Хамгийн сүүлд би нэг эгчтэй тунаж үлдсэн. Тэмцээнд оролцох зардлаас болоод нэг хүн авч явна гэж гурван долоо хоног биднийг сорьсон юм. Гурван шалгалтын хоёрт нь би илүүрхэж үлдсэн. Хоёр сарын хугацаанд бэлтгэл хийгээд л анхны тэмцээнээ Хятадын Гуанжу хотод болсон “ Ой тогтоолтын дэлхийн аваргаар” эхэлнэ гэдэг бас ховор завшаан шүү.

 

Тэр үед би гэр бүл гэж ямар сайхан хүчтэй зэвсэг байдгыг мэдэрсэн. Ээж, эгч хоёр маань 20 гарч яваа залуугийн араас хөөцөлдөөд л. Гэрийнхэн маань бүгдээрээ надад анхаарлаа хандуулж зүйл бүрээр дэмжээд л. Үр дүн нь дэндүү сайн гарсанд би тэднийхээ царайг баяртай, нүүр бардам харж, амьдралын замаа өөрөөр зурж чадсан.



-Өмнө нь ямар нэг тэмцээн, уралдаанд, орж байсан уу. Шууд л дэлхийн аварга болохоор харайчихсан уу?

-Хичээлийнхээ шалгалтыг өгч байснаас юун тэмцээн, уралдаан. Шууд л дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор үнэхээр хэцүү, тулгамддаг юм билээ.



-Тэмцээнд ороход бэрхшээл  таарч байв уу?

-Хэл сурч байх минь яав даа гэж их харамслаа. Дэлхийн аваргад оролцож байгаа хүнд хамгийн түрүүнд гадаад хэл чухал юм билээ. Ойр, зуурын үг, хэллэг мэддэг ч гэсэн дэндүү чамлалттай санагдсан. Гол нь гадаад тамирчдын туршлагаас судалж, нөхөрлөх гэхээр хэлгүй хүн хөлгүйтэй ижлийн үлгэр болсон. Мундаг тамирчидтай мэндлэхээс цаашгүй, тэднээс суралцмаар байдаг.

 

Хатнаа багш маань намайг “Шавь маань хоёрхон cap хичээллээд энэ тэмцээнд оролцож байна” гээд л гайхуулна. Нэртэй, том тамирчид надтай мэндлээд янз бүрийн зүйл асууна.



-Дэлхийн аваргаас ирээд гадаад хэл судлав уу?

-Энэ жил тэмцээн, уралдаанд залгаад л явж байсан болохоор Монголд ирээд л өдөр, шөнөгүй бэлтгэл хийгээд буцаад нисчихнэ. Цаг зав тааруу байлаа. Өдөрт 8-13 цаг оюун ухааны дасгал хийж, бэлтгэлд гарна. Турк улс руу тэмцээнд явахдаа ойр зуурын 20 орчим үг цээжилсэн. Ойрын хэдэн cap тэмцээнгүй юм чинь гадаад хэл түлхүү үзнэ гэж төлөвлөж байгаа.



-Оюун ухааны олимпоос Цээж бодолтын төрөлд дэлхийн аварга болчнхсон чинь найз, нөхөд, танилын хүрээ өргөн болов уу?

PC тоглодог найзууд маань намайг завгүй гэж хэлэхээр “Чи юун сүртэй юм бэ. Нэг тоглочиход юу нь болохгүй байгаа юм бэ. Тийм сүрхий хүн юм бол ингэж чадах уу” гээд л намайг шалгадаг юм. Одоо би дэлхийн аварга болсон болохоор намайг хүмүүс их хүндэлдэг. Сургууль дээр намайг танихгүй хүнгүй болсон. Залуус тааралдхаараа “Тэрийг чадах уу, энийг мэдэх үү” гээд баахан шалгаадаг байлаа.

 

Сүүлд Дэлхийн аваргын шагнал хүртсэний дараа “Дэлхийн оюун ухааны аваргатай юу ярих билээ” гэж өмөөрөх хүмүүс олон болсон. Одоо манай PC тоглодог байсан найзууд “Танай сургалтад явж болох уу. Надад заагаад өгчих л дөө” гээд л их сонирхдог болсон. PC залуусын амьдралын утга учир биш. Дэлхийн аваргад хүрэх зам, боломж, хайран залуу насаа дэмий үрж байгаагаа намайг хараад тэд ойлгож авсан. Олон ч найз маань амьдралын өөр хэвшил, замд орж эхэлсэн.



-Гэрийнхэн чинь ямар мэргэжилтэй вэ. Too хөөсөн улс байна уу?

-Би нэг эгч, хоёр ахтай. Манай гэрт дөрвөн нягтлан, эдийн засагч бий. Би ганцаараа өөр мэргэжил сонгосон.



-Тэмцээнд оролцох зардлыг зохион байгуулагч талаас хариуцдаг уу?

-Тамирчид өөрсдөө л зардлаа даах ёстой. энэ академидаа ажиллаж цалин авдаг. Ээж, аав, эгч, ах гээд л хамаатан саднаасаа мөнгө цуглуулж байгаад тэмцээнд явсан. Намайг ийшээ хөтлөж ирсэн болохоор ээж, эгч хоёр маань бүхий л зүйлийг зохицуулдаг юм.

 

Германд болсон дэлхийн аваргын тэмцээнд Хүн хуанлийн төрөлд тэргүүн байр эзлэхэд Туркийн оюуны олимпийн Ерөнхийлөгч нь тусгайлан гурван хүнийг шагнасны нэгд би багтсан. Онгоцны тийз, зочид буудлын долоо хоногийн зардлыг даасан. Тиймээс би эхний шагналаараа дараагийн тэмцээндээ орсон гэсэн үг. Монголын оюун ухааны академиас дэлхийн аваргад оролцох тэмцээний зардлыг маань даасан юм.



-Дэлхийн аварга муу сурч болохгүй. Тиймээс хичээлдээ мэрийж байна уу?

-PC тоглодог байхад миний дүн 0,8 болтлоо унасан. 0,7 болбол сургууль минь баяртай болно. Сургалтад яваад нэг улирлын дотор дүнгийн голч оноогоо дөрөв болгосон. Багш нар бүр гайхаж хоцорсон.

 

Тэд миний өмнөөс их баярлаж байгаа. Эхлээд лекц бичихгүй болохоор загиаж гарна. Би аминдаа хичээлээ хийнгээ бас ой тогтоолтын дасгалаа хийж байгаа нь тэр. Одоо сургуулийн багш нар надад хатуу үг хэлэхгүй шүү. Муугийн жишээнээс салж алдарт хүрсэн болохоор бусдад байнга л үлгэр болгодог гэсэн.



-Багшаас шавийн амжилт хамаардаг болов уу?

-Хатанаа багш маань хүнд юм хэлж өгөхдөө мундаг. Хамт ажиллахад их хялбар. Хүнийг хурдан, сайн сургах аргад гаршсан. Түүний тод жишээ нь би. Хоёр сарын турш надтай ажиллаад л дэлхийн аварга болгочихлоо. Энэ бол түүнийг ямархуу багш вэ гэдгийг тодорхойлсон нэг үзүүлэлт. Би Х.Хатанбаатар багшийн заавраар хийхэд л амжилт гаргадаг.

 

Залуусыг яаж зөв замд оруулж, сонирхлыг нь татахаа тэр мэднэ. Цээж бодолтын дэлхийн аваргад багш маань ганцхан намайг сойж хамт явсан. “Би биш чи амжилт гаргах ёстой” гэж байнга хэлж байсан. Багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд гэртээ очоод дахин бэлддэг юм.



Монгольш залуус оюун ухаанаараа дэлхийд гайхагдсаныг төр засгаас яаж үнэлэв?

-Манайх багаараа дэлхийн Оюун ухааны олимпод оролцож ихээхэн амжилт үзүүлсэн. Улсаас шагнаагүй. Оюуны спорт Монголд анхлан хөгжиж байгаа учир одоогоор төр засгийн анхааралд төдийлөн хүрээгүй юм байлгүй.



-Дэлхийн бусад улсад энэ спортыг хэрхэн хүлээн авч, үнэлдэг юм бол?

-Германы ой тогтоолт, цээж бодлогын тамирчид дэлхийд тэргүүлдэг, сүрхий баг бий. Тэдний хувьд улсаас цалинжиж шигшээ багийн хэмжээний байр суурь эзэлдэг гэсэн. Тусгай, бэлтгэл сургуулилтад хамрагдаж улс нь оюун ухааны спортыг хүлээн зөвшөөрсөн юм билээ. Тамирчдынх нь ахуй хангамжийг бидэнтэй зүйрлэх юм биш. Тэр тамирчид зөвхөн бэлтгэлээ л хийдэг.

 

Германчууд нэгэн цагт дайн, түрэмгийллээрээ дэлхийг байлдан дагуулж байсан ч орчин үед оюун ухаанаараа бас дийлдэшгүй гэдгийг батлах гэж ихээхэн чармайдаг гэж дуулсан. Тэд ийм санааны үүднээс оюуны спортод анхаарч баг гаргаж, хүч хаядаг гэж байна лээ. Амжилт гаргасан тамирчдадаа улсаас олон төрлийн шагнал олгодог. Тухайлбал, ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал өгдөг. Бас ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал олгодог юм.



-Гадаадын тамирчдын нийгэмд эзлэх байр суурь, ахуй хангамж, амьжиргаа хэр байдаг бол?

-Тэр талаар манайхтай зүйрлэх юм биш. Зориулалтын чихэвч хэрэглэдэг. “Apple’’-ийн нөүтбүүк дээр бэлтгэл хийнэ. Дуу, чимээ тусгаарласан тусгай өрөө, танхимд бэлтгэлээ хийдэг.



-Харин та нар ямархуу нөхцөлд бэлтгэл базааж байна вэ?

-Бид ширээ, сандал хоёроос цаашлахгүй. Тэмцээн дөхөөд ирэхээр багштайгаа тусгай вакум орчинд бэлтгэл хийдэг. Бусад үед гэртээ л хийнэ.

 


Алтан медаль хүртсэн хүн хуанли, цээж бодлотын талаар тодорхой ойлголт өгч болох уу ?

-Туркийн Анталия хотод болсон тэмцээнээс би Хүн хуанлийн төрлөөс алтан медаль хүртсэн. Оюуны олимп дотороо хоёр төрөлтэй. Ой тогтоолт, цээж бодолтын гэсэн том төрөл бий. Аливаа зүйлийг дарааллаар системтэй цээжлэх нь чухал. Эсвэл хүний нэр, зүс, царай, олон тоон дараалал цээжлэх. Сонсголын ой тогтоолтыг шалгах, өнгө, дүрс гэх мэтээр төрөл бүрийн даалгавар гүйцэтгэдэг.

 

Цээж бодолт дотроо зургаан төрөлтэй. Найман оронтой хоёр тоог үржүүлэх, дөрвөн оронтой арван тооны нийлбэрийг хамгийн богино хугацаанд хэн үнэн зөв хариу гаргах вэ гэх мэтээр өрсөлдөнө. Цээж бодолт дотроо хамгийн хүнд төрөлд Хүн хуанли багтдаг. Жишээлбэл, 1991 оны наймдугаар сарын 20-н мягмар гариг байна гэж өдрийг зөв олох ёстой.

 

Нэг минутын хугацаанд хэр олон гаригийг зөв гаргаж ирж буйгаараа өрсөлддөг. Би энэ төрөлд дэлхийн аварга болохдоо нэг минутанд 57 гаригийг алдалгүй олсон. Энэ тэмцээн маань 2012 оны аравдугаар сарын 3-5-нд Германы Гизен хотод Цээж бодолтын дэлхийн аварга нэртэйгээр зохиогдсон юм. Эхэндээ би ой тогтоолтоор тууштай хичээллэж байсан. Хөзөр, тоо цээжлэх нь сонирхолтой юм шиг санагдаад тэр.

 

Цээж бодолтын дэлхийн аваргын тэмцээнд явахаас өмнө дөрвөн cap бэлтгэл хийж амжилт гаргасан. Х.Хатанбаатар багш маань надад тусгайлан баяр хүргээд “Миний шавь ийм богино хугацаанд дэлхийн аварга болчихно гэж бодсонгүй” гэж урам өгсөн. Ямар ч шавь багшаасаа урмын үг дуулах юутай ч зүйрлэшгүй том дэмжлэг, шагнал гэдгийг ухаарч суулаа. Саяхан Туркийн Анталия хотод болсон “Оюуны олимп”-д манай баг зургаан хүнтэй оролцоод амжилтыг үзүүлж өгсөн дөө. Сайн багштай байхад юуны ч өмнө гарч, хэнтэй ч хүч тулж болдгийг манай багийнхан харууллаа.



-Энэ спортод ноёлж дэлхийн аварга, алт, мөнгөн медаль хүртэхээр ямар шагнал дагадаг вэ?

-Оюуны олимп маань нийт 30 мянган ам.долларын шагналын сантай. Нэгдүгээр байрт 1,5 мянган ам.доллар. Хоёрдугаар байрт нэг мянга, гуравдугаар байрт 500 ам.долларын шагналтай байсан. Нэг хүн нийтдээ 10 төрөлд өрсөлдөж болно. Тэр хэрээр төдий дайны медаль хүртэх боломжтой. Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээн бас дотроо 10 төрлөөр болдог.

 

Нийтдээ 40 мянган ам долларын шагналын сантай, томоохон тэмцээний нэг. Манай залууст их боломж байгаа шүү. Тиймээс над шиг амьдралдаа эргэлт хийгээрэй залуусаа.

Ангилал : Мэдээ Мэдээлэл | Нийтэлсэн : ганзоо | Уншсан (878) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл